Намайг бага байхад ээжийн нүүр, хүзүү хэсгийн арьс загатнаж, гүвдрүүт улаан тууралт гардаг байлаа. Нүүр, хүзүү хэсгийн тууралтаа эмчлэх гэж эмч, домч, зурхайч, лам зэрэг янз бүрийн хүмүүст үзүүлж зарааны тосоор тослох, улаан шавар түрхэх, тарни номоор аравнайлсан цайгаар угаах, модны холтос шатааж утах гэх мэт есөн шидийн аргаар эмчлэх гэж оролддог байв. Мөн хот газар явж эмнэлэгт үзүүлэх, рашаан сувилалд амрах гээд чадлаараа эмчлүүлэх гэж хичээдэг байсан юм. Олон жилийн дараа хотод очиж нарны харшил гэж оношлогдов. Би энэ үед Анагаах ухааны сургуульд элссэн. Оюутан болоод харшлын тухай ном бүрийг уншин судалж, бас болоогүй харшлын хичээл ордог багшаасаа зөвлөгөө авав. Үүний эцэст ээжтэйгээ утсаар ярьж нарын харшлын талаар эмчилгээ, зөвлөгөөг нэг бүрчлэн ойлгуулж билээ. Тэгээд л нарнаас хамгаалах тос, саравчтай малгай өмсөх, зуны улиралд наранд их явахгүй байх зэрэг ач холбогдолтой зүйл зөвлөж билээ.
Сүүлд бодоод байхад манай нутаг зуны улиралд хэт ягаан туяаны идэвхжил бусад бүсээс харьцангуй өндөр, мөн ээжийн арьс их эмзэг нимгэн байсан учраас нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр нарны харшил үүссэн болохыг үгүйсгэхгүй байх.
Харшил гэж юу вэ?
Бид хүрээлэн буй орчинд агуулагдах тоос тоосонцор, бичил биетэн, гадны зүйлтэй байнга харьцахаас гадна тэрхүү зүйлээр амьсгалж, бас идэж ууна. Эдгээр харь төрлийн хүчин зүйлийг дархлаа тогтолцоо таньж устгах, гадагшлуулж байдаг. Ингэхдээ харь төрлийн зарим зүйлд дархлаа тогтолцоо хэвийн бус, хэт хүчтэй хариу урвал үзүүлэхийг харшил хэмээн ойлгож болно. Энэ үед дархлаа тогтолцоо хэт мэдрэгшиж харшил өвчний шинж тэмдэг илэрдэг.
Яагаад бид харшилтай болсон бэ?
Яагаад гэнэт харшил өвчин үүссэн болохыг ойлгоход бэрх. Гэхдээ хоёр хүчин зүйлээс шалтгаалж үүсдэг хэмээн тайлбарладаг. Нэгд, хувь хүний онцлог болох эзэн биеийн генетик, яс үндэс, нас, хүйс зэрэг орно. Хоёрд, хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаална. Тухайлбал, ургамлын тоосонцортой орчинд харшил үүсэх эрсдэл нэмэгддэг. Орчин үед хотжилтыг дагаж хүмүүсийн амьдралын хэв маяг, гадаад орчны өөрчлөлт, биотехнологийн аргаар гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүн, тоосонцор ихтэй чийгшил багатай орчинд харшил үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Монгол орон ба харшил
Монгол орон далайд гарцгүй, далайн түвшнээс дээш дунджаар 1500м өндөрлөг газарт оршдог. Жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай болоод ч тэр үү чийгшил багатай учраас шороо болон ургамлын тоос тоосонцор агаарт амархан дэгдэнэ. Харшил төрүүлэгч хүчин зүйлийн ихэнх хувийг аэроаллерген эзэлдэг. Аэроаллерген амьсгалын замаар нэвтэрч ринит, астма зэрэг харшил өвчнийг сэдрээнэ. Ийм учраас хаврын улиралд гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, чийгшүүлэгч авах шаардлагатай.
Тэгвэл харшил өвчин удамшдаг уу?
Хувь хүний онцлог болох генийн хүчин зүйл аав ээжээс өвлөгдөж удамшдаг. Аав, ээжийн аль нэг харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал ойролцоогоор 20-40% байдаг. Харин аав, ээж хоёулаа бол харшлаар өвчлөх эрсдэл 60-80% нэмэгддэг. Гэхдээ энэ магадлал учраас аав, ээж хоёулаа харшилтай боловч хүүхэд заавал харшилтай болох албагүй.
Өөрийгөө харшилтай болсон гэдгээ яаж мэдэх вэ?
Харшил төрүүлэгч хүчин зүйлтэй (аллерген) холбоотойгоор хамрын хөндий, амьсгалын зам, арьс ба хоол боловсруулах замаас харшлын шинж тэмдэг илэрнэ. Тухайлбал, шарилжны харшлын үед аллергентэй холбоотойгоор шингэн нус гоожих, ханиалгах, нүд загатнах, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж илэрнэ. Хэрвээ та харшилтай эсэхээ баттай мэдэхийг хүсвэл эмчид үзүүлж зохих шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Үүнд, арьсны сорил, цусанд өвөрмөц IgE эсрэгбиеийн титр тодорхойлох зэрэг ордог. Эдгээр шинжилгээгээр ямар аллергенд хэт мэдрэгшиж байгааг мэдэх боломжтой. Аллергеныг мэдэж авсан нөхцөлд урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой болдог.
Харшил өвчин эдгэх үү?
Харшил өвчин бол гарт орсон өргөсийг авахтай адилхан ул мөргүй төгс эмчлэгдэхгүй. Харин сэдрэхгүй, намжмал үед ортол эмчлэх боломжтой. Ингэхийн тулд дараах алхамыг мөрдөх хэрэгтэй. Үүнд:
Нэгд, Аллергенээс зайлсхийх
Аллерген нь харшлын эмгэгжам буюу гинжин урвалыг өрнүүлэх үндсэн шалтгаан юм. Аллерген байхгүй бол харшлын эмгэгжам явагдахгүй, улмаар шинж тэмдэг зовиур илрэхгүй. Аллергеныг оношилж тодорхойлбол урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломж бүрдэнэ.
Хоёрд, Эмийн эмчилгээ
Эмийн эмчилгээний тусламжтайгаар харшлын эмгэгжамын урвалыг дарангуйлах, шинж тэмдэгийг бууруулах эмчилгээ хийдэг. Жишээбэл, ургамлын харшлын үед харшлын эсрэг эм уух (хлорфенамин), хамрын цацлага хэрэглэх гэх мэт.
Гуравт, Дархлаа буюу мэдрэггүйжүүлэх эмчилгээ
Мэдрэггүйжүүлэх эмчилгээний арга бол аллергеныг бага тунгаар өөр замаар оруулах эмчилгээний арга юм. Энэ эмчилгээ аллергенд хэт мэдрэгших байдлыг бууруулж дархлааг зүгшрүүлэх үйлдэлтэй.
Дээрх алхамыг маш сайн мэддэг боловч дур мэдэн арга хэмжээ авахаасаа өмнө мэргэжлийн эмчид үзүүлэх нь маш чухал шүү.