Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг (цус харвалт) юм. Дэлхийн улс орнуудаас уг эмгэгээр МОНГОЛ УЛС 1-3 байранд ордог. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно.
Та бидний аав ээж, хамаатан садан ахимаг настай л бол цус харвах эмгэгт өртөмтгий хүмүүсийн тоонд ордог. Цус харвалтын эрсдэлт хүчин зүйлсийг хянаж чадсанаар эг эмгэгээс сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ. Харвардын анагаах ухааны сургуулийн мэдрэл судлалын профессор, Массачусеттын нэгдсэн эмнэлгийн цус харвалтын тасгийн эрхлэгч Доктор Н.Рост хэлэхдээ тархинд цус харвах эмгэгээс сэргийлэх хамгийн чухал зүйл бол “МЭДЛЭГ” хэмээсэн байдаг. Эрсдэлт хүчин зүйл хэрхэн нөлөөлж цус харвалтыг үүсгэдэг талаар мэддэг бол урьдчилан сэргийлэх аргыг үр дүнтэй болгоно.
Тиймд, цус харвалтаас сэргийлэх үр дүнтэй 7 аргыг хэлье.
1. Артерийн даралтыг бууруулах
Артерийн даралт ихсэх бол цус харвалтын хамгийн том эрсдэлт хүчин зүйл, хэрвээ та цусны даралтаа хянаж чадахгүй бол цус харвалт үүсэх эрсдэл 2-4 дахин ихсэнэ. Доктор Н.Рост тархинд цус харвах эмгэгийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол артерийн даралт ихсэх эмгэг хэмээн зөвлөжээ. Иймд, артерийн даралтыг тогтвортой хянах, ихэсвэл эмчлэх нь маш чухал.
Артерийн даралтын үр дүнтэй хяналт бол даралтыг 135/85 мм.муб доош түвшинд барих юм. Артерийн даралтыг 140/90 мм.муб бага түвшинд хянахын тулд дараах зүйлийг мөрдөх хэрэгтэй.
- Хоолны давсыг өдөрт 1.5г-аас бага хэрэглэх
- Холестрин ихтэй хоол болох бургер, бяслаг, мөхөөлдөс зэргээс татгалзах
- Өдөр бүр үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх
- Өдөр бүр хамгийн багадаа 30 минутаас дээш дасгал хөдөлгөөн хийх
- Хэрвээ тамхи татдаг бол тамхинаас гарах
Хэрвээ шаардлагатай бол артерийн даралт ихсэх эмгэгийг үед эм ууж хянах хэрэгтэй.
2. Жингээ хасах
Таргалалт ихэвчлэн артерийн даралт ихсэх эмгэг, чихрийн шижинтэй холбогдсон байдаг. Таргалалт нэмэгдэхэд артерийн даралт ихсэх эмгэг үүсэх эрсдэлтэй болж цус харвалтаар өвдөх магадлалыг ихэсгэнэ. Хэрвээ таргалалт эсвэл илүүдэл жинтэй бол хамгийн багадаа 4.5 кг хасахад цус харвалт үүсэх эрсдлийг ач холбогдолтой бууруулдаг. Биеийн жингээ хасахын тулд дараах дэглэмийг баримтлах хэрэгтэй.
- Биеийн жингийн индексээс хамаарч өдөрт 1500-2000 калориас ихгүй хоол идэж занших хэрэгтэй.
- Алхах, гольф ба теннис тоглох зэрэг өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлзэх ёстой.
3. Дасгал хөдөлгөөн их хийх
Дасгал хөдөлгөөн хийхийг нэмэгдүүлснээр жингээ хасах, артерийн даралтыг бууруулах нөлөө үзүүлж шууд бусаар цус харвах эрсдлийг бууруулна. 7 хоногт хамгийн багадаа 5 удаа дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Иймд,
- Өглөө бүр цайгаа уусны дараа алхалт хийх
- Найзтайгаа фитнесс клубт явж хэвших
- Дасгал хөдөлгөөн хийх бүртээ амьсгаадах, хөлс гарах хүртэл эрчимтэй хийх
- Цахилгаан лифт биш шатаар алхаж занших
4. Архи уухаар бол тохируулж хэрэглэх
Архийг хэрэглэхгүй байх эсвэл тохируулж хэрэглэх хэрэгтэй. Архийг хэрэглэхдээ дараах зүйлийг мөрдөнө. Үүнд:
- Архийг 100мл-ээс бага хэрэглэх
- Архи уухдаа эхэлж улаан вино сонгоно. Яагаад гэвэл улаан вино ресвератрол агуулах учраас тархи, зүрхийг хамгаалах үйлчилгээтэй байдаг.
- Гэхдээ архины хэмжээнээс гадна спиртийн агууламжийг магадлах хэрэгтэй.
5. Тосгуурын фибриляцийг эмчлэх
Тосгуурын фибриляцийн үед зүрхэнд бүлэн үүсч улмаар цусны судсаар дамжин тархины шигдээс үүсгэнэ. Доктор Н.Рост хэлэхдээ тосгуурын фибриляци бол цус харвалт үүсэх эрсдлийг 5 дахин нэмэгдүүлэх учраас эмчлэх шаардлагатай гэсэн байдаг. Ийм учраас тосгуурын фибрилляцийг эмчлэхийн тулд дараах дэглэмийг баримтлана.
- Хэрвээ зүрх дэлсэх, амьсгал бачуурах шинж илэрвэл зүрхний эмчид үзүүлэх хэрэгтэй.
- Тосгуурын фибриляциас шалтгаалсан цус харвалт үүсэх хүндрэлээс сэргийлэхийн тулд шууд үйлчилгээтэй антикоагулянт эсвэл варфарин уулгах ёстой.
6. Чихрийн шижин өвчнийг сайн хянах
Цусанд сахар ихсэхэд артерийн судсыг гэмтээж хатуурал үүсгэдэг. Улмаар судасны доторх хөндийд бүлэн хэлбэржих эрсдлийг нэмэгдүүлдэг. Цусны сахарыг үр дүнтэй хянахын тулд мэргэжлийн эмчийн хяналтанд орох ба тухайн эмгэгт тохирсон хоол хүнс, дасгал хөдөлгөөн, эмчилгээ зөвлөгөөг чанд баримтлах ёстой.
7. Тамхинаас гарах
Тамхи бол судсан дотор бүлэн үүсэх, судас хатуурал үүсэх үйл явцийг эрчимжүүлдэг. Дараа нь артерийн судас нарийсч, бөглөрөл бий болж хүндэрдэг. Эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, тамхинаас татгалзах зэрэг нь эрүүл амьдралын хэв маяг юм. Эрүүл амьдралын хэв маяг бол цус харвалтыг ач холбогдолтой бууруулдаг хэмээн доктор Н.Рост хэлжээ. Тамхинаас гарахын тулд өөрт тохирсон хамгийн боломжтой аргыг сонгох хэрэгтэй. Тухайлбал, никотинтой үрэл, наалт, соруул зэрэг олон янзын эмчилгээний төрөл байдаг. Тамхинаас гарсан ихэнх тамхичид тамхинаас гарахын тулд хэзээ ч бууж өгөлгүй олон аргыг эрэлхийлсэн байдаг.
Эх сурвалж: Harvard Health Publishing