Л-Карнитин хэрхэн өөх шатаадаг вэ?

Манай оронд фитнесс, бодибилдингийн спорт сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байна. Залуучууд энэ спортоор хичээллээд чамгүй амжилт гаргаж байгааг та бид мэдэж байгаа билээ. Энэ давалгааг дагаад фитнес сургалтын төв, уураг, амин хүчил, нэмэлт бүтээгдэхүүн борлуулах хүмүүсийн тоо олширч байна. Энэ спорт эрүүл амьдралын хэв маягыг дэмжсэн сайн зүйл. Гэхдээ сайн зүйлийн хажуугаар саар зүйлүүд ч олширч бие махбод, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарсаар байна. Яагаад гэвэл фитнесс, бодибилдингийн спортоор хичээллэхдээ зөв дасгал сургуулилтын дор зөв чанартай, эрүүл мэндэд хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүнийг нотолгоонд суурилсан байдлаар мэргэжлийн эмч, дасгалжуулагчийн хяналтанд зохистой хэрэглэх ёстой. Би эмч, фитнессийн спортыг сонирхож хичээллээд удаагүй байна.

Л-Карнитиныг амаас ам дамжин яригдаж, нотолгоонд суурилсан мэдлэг туршлагагүй хэрнээ янз бүрээр хэрэглэгдэх нь эрүүл мэнд төдийгүй, бие махбодид хор уршигтай зүйл. Тиймээс энэ талаар нотолгоонд суурилсан мэдээлэл өгөхийг зорьсон юм.

Л-Карнитин гэж юу вэ?

Карнитин бол энерги үүсэлтэнд чухал үүрэгтэй лизин ба метнионин зэрэг амин хүчлээс нийлэгждэг бодис. Хүн дасгал хөдөлгөөнийг булчингийн агшилт, сулралтын үр дүнд гүйцэтгэдэг. Та бид нарын гарын 2 ба 3 толгойт, хөл, шилбэний булчин бүгд араг ясны хөндлөн судалт булчин юм. Тиймд тэдгээр араг ясны булчингууд энергийн тусламжтайгаар агшиж суларна. Булчингийн үйл ажиллагааг явуулах гол эх үүсвэр энерги. Машинд бол түлш буюу бензин гэсэн үг. Машин бензиний тусламжтайгаар явдагтай яг адилхан хоол хүнсээр орж ирсэн өөх тосыг хүчилтөрөгчийн тусламжтайгаар исэлдүүлэн энерги үүсгэж булчин агшиж сунана. Энэ энерги үүсэх процесс араг ясны хөндлөн судалт булчинд митохондри хэмээх бичил эрхтэнд явагддаг. Машинд бол мотор буюу хөдөлгүүр гэсэн үг. Булчин зүрхний шахсан цуснаас хүчилтөрөгч, өөх тосыг авч, бичил эрхтэнд энерги үүгэж эхэлнэ. Үүссэн энергийн тусламжтайгаар араг ясны ба зүрхний булчин агшина. Энергийг үүсгэхдээ өөхний дээд хүчил тасрах замаар митохондрит орж энерги болж шатдаг гэсэн үг.

Харин Л-карнитин бол тэрхүү өөх тосыг бичил эрхтэн болох метохондрит зөөвөрлөх үүрэгтэй. Хэр сайн зөөвөрлөж хүргэж өгнө төдий хэмжээгээр энерги үүсэлт эрчимтэй явагдаж булчингийн ажиллах хүч сайжирна гэсэн үг. Тэгэхээр өөх тос хурдан зөөвөрлөгдөж, өөхийг тосыг их хэмжээгээр шатаадаг. Тэгэхийн зэрэгцээ булчин ядрахгүй идэвхтэй сайн ажиллаж чадна. Тиймд Л-Карнитин бол өөх тос шатааж жин хасах, дасгалын гүйцэтгэлийг нэмэгдүүлнэ. Сүүний хүчил үүсэх, ядрахыг багасгадаг ашигтай талтай.

Тохиромжтой тун

Тамирчдад зөвлөснөөр өдөрт 2гр авахад тохиромжтой гэж үздэг. Хэрвээ өдөрт 3гр дээш хэмжээгээр хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр эвгүй оргих, суулгах шинж илэрнэ.

Эсрэг заалт

Хоол хүнстэй хамт ходоодонд орж нарийн гэдсээр шимэгдэж цусанд орно. Бөөрөнд хувирч задарна. Илүүдэл карнитин бөөрөөр шээсээр ялгарна. Бөөр цусан дахь карнитины хэмжээг тогтмол хэмжээнд барьж байдаг тул архаг бөөрний дутагдалтай өвчтөнд карнитин бага агуулагдана. Бөөр ба элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүн хэрэглэхгүй. Зөвхөн тамирчин, бэлтгэл сургуулилт хийдэг хүн дасгалжуулагч, мэргэжлийн эмчийн заавраар хэрэглэнэ.

Яагаад гэхээр эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ашигтай талыг бодож хэрэглээд түүнээс үүдэх сөрөг талыг орхигдуулах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жишээ нь: Л-Карнитиныг хэрэглэж байхад даралт ихсэх, зүрхний цохилт нэмэгдэх, халуурах, таталт өгөх магадлалтай. Яагаад гэхээр булчин, зүрхний булчин ачаалалтай ажиллаж дулаан үүсэлт нэмэгддэг тул даралт ихсэхийн зэрэгцээ хүний биеийн темпатур нэмэгдэнэ гэсэн үг.

Хэрвээ Л-Карнитиныг тамирчин хүн байнга хэрэглэнэ гэж бодьё. Тэгвэл та бидний араг ясны хөндлөн судалт булчин энэ бодисын шинээр нийлэгжүүлэхгүй залхуу болно. Яагаад гэхээр нэмэлтээр хүний биед бэлэн орж ирэх учраас шинээр үүсгэх шаардлага багасна. Хэрвээ удаан хугацаагаар хэрэглэж байгаад хэрэглэхгүй болвол хүний биед шинээр үүсэх хэмжээ багасч булчинд энерги үүсэлт багасч амархан ядарч сульдана. Өөрөөр хэлбэл энэ бодист хүний бие хамааралт болж байна гэсэн үг. Тиймээс мэргэжлийн эмч, дасгалжуулагчийн зааврын дагуу зөв тунгаар тэмцээний өмнө хэрэглэхийг зөвлөдөг.

Ихээр агуулагдах хүнс

Л-Карнитин мах махан бүтээгдэхүүнд их хэмжээгээр агуулагдана. 100гр үхрийн маханд 95мг, 100гр гахайн маханд 27,7мг, 100гр тахианы маханд 3,9 мг агуулагдана. Улаан мах их хэмжээгээр агуулна.

Онцлох