Тэгвэл Apple компанийг үндэслэгч Стив Жовсын өвчилсөн нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хавдарын талаар товч өгүүлье.
Стев Жовс ямар төрлийн хорт хавдартай байсан бэ?
Стев Жовс нь нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдараар өвчилсөн. Энэ хавдар бол 1 сая хүн амд 3-5 тохиолддог маш ховор төрлийн хавдарт тооцогддог. Мөн маш ховор тохиолдохоос гадна оношлогдсоноос хойш 5 жил амьдрах чадвар ердөө 4% хувь юм. Өөрөөр хэлбэл, оношлогдсоноос хойш 5 жил өнгөрөхөд 100 өвчтөнөөс 4 хүн л амьд үлдэнэ гэсэн үг. Нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдар маш хурдан үсэрхийлэл өгөх шинж чанартай, мэс засал хийхэд их бэрхшээлтэй ба эмчилгээний үр дүн багатай зэрэг онцлогтой. Технологийн ертөнцийн суутан Стив Жовс нь энэ төрлийн хорт хавдараар өвчилж нас барсан гэхээр харамсалтай. Гэхдээ Стев Жовс бол ийм төрлийн хорт хавдартай өвчтөн дотроос хамгийн урт насалсан хүмүүсийн нэг. Яагаад гэвэл компьютер томографид анх оношлогдсоноос хойш 8 жил амьдарч чадсан хүн.
Нойр булчирхайн хорт хавдар яагаад ийм аюултай байдаг вэ?
Нойр булчирхайн хорт хавдар нь хоруу чанар ихтэй, эмчилгээний үр дүн бага зэрэг онцлогтой хавдар юм. Энэ онцлог шинж бий болоход дараах хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг хэмээн эрдэмтэд үздэг.
Нэгдүгээрт, нойр булчирхайн байрлал олон эрхтэнтэй харьцсан байдаг онцлогтой. Нойр булчирхай нь толгой, их бие, сүүл гэсэн 3 хэсгээс тогтоно. Толгой хэсэг нь нарийн гэдэс, элэгний ойролцоо оршиж, энэ хэсгээс цорго гарч цөсний сувагтай нийлж нарийн гэдэстэй холбогддог. Харин их бие хэсэг нь гол судасны урд оршдог бол сүүл хэсэг нь дэлүү, зүүн бөөр, ходоодны ойролцоо байрлана. Энэ онцлог байрлал нь нойр булчирхайн хорт хавдарын мэс заслын эмчилгээ хийхэд хүндрэлтэй болгохоос гадна төгс эмчлэгдэх боломжийг багасгадаг.
Хоёрдугаарт, нойр булчирхай бол гадаад, дотоод шүүрлийн нарийн нэгдмэл үйл ажиллагаатай эрхтэн юм. Гадаад шүүрлийн үйл ажиллагаа гэдэг нь нойр булчирхайнаас хоол боловсруулах ферментийг нарийн гэдсэнд ялгаруулж хоол хүнсний зүйлийг задалдаг. Харин дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь глюкагон, инсулин зэрэг дааврыг цусанд ялгаруулж бодисын солилцоонд оролцохыг хэлнэ. Нойр булчирхайн хорт хавдарыг мэс заслаар эмчлэхэд энэ нарийн төвөгтэй үйл ажиллагаа олон бэрхшээл хүндрэлийг бий болгодог.
Гуравдугаарт, нойр булчирхай нь булчирхайлаг эрхтэн учраас хорт хавдарын эс нь бусад эрүүл эд эрхтэн рүү нэвчиж ургах боломжтой байдаг. Энэ нь хорт хавдарын эс нь эрүүл эд эстэй холилдох боломжтой болдог учраас туяа, мэс заслын аргаар эмчлэхэд эрүүл эд эс гэмтэх магадлалтай.
Дөрөвдүгээрт, нойр булчирхай нь артер, вен, тунгалгийн судсаар баялаг учраас үсэрхийлэл амархан өгнө. Нойр булчирхайн хорт хавдар хожуу үе шатанд оношлогдоход үсэрхийлэл өгсөн байх магадлалтай байдаг.
Эдгээр онцлогоос шалтгаалж мэс засал эмчилгээний үр дүн бага байх учраас туяа, хими эмчилгээ хийдэг. Туяа, хими эмчилгээ бол төгс эмчилгээ биш боловч амьдрах хугацааг уртасгадаг хэмээн Харвардын нойр булчирхайн нейроэндокрин хавдраар мэргэшсэн эмч Х. Кулке хэлжээ. Иймд, Стив Жовсын хорт хавдарт дээрх хүчин зүйл нөлөөлсөн болохоор төгс эмчлэгдэх боломж хомс байсан хэмээн дурсан ярьсан байдаг.
Стив Жобсын нойр булчирхайн хорт хавдар юунаас болж үүссэн бэ?
Нойр булчирхайн хорт хавдарт хүргэдэг шалтгаан тодорхойгүй байдаг. Гэхдээ тамхи татах, чихрийн шижин, нойр булчирхайн үрэвсэл хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хэмээн эрдэмтэд үздэг. Харин нейроэндокрин төрлийн хавдар үүсэхэд “менин” хэмээх хавдар дарангуйлагч генийн мутаци чухал ач холбогдолтой нөлөөлдөг байна. Гэхдээ судалгаагаар нийт хорт хавдартай өвчтөний 5% хувьд энэ төрлийн генийн мутаци илэрсэн байдаг.