Харин диастолын даралт зүрх сулрах үед судасны хананд үзүүлж байгаа даралтыг илэрхийлнэ. Харьцангуй эрүүл хүний хэвийн даралт 120/80 орчим байдаг. Нас ахих, эрсдэлт хүчин зүйлд өртөхийн хирээр артерийн даралт ихсэх боломжтой болдог.
Артерийн даралт ихсэх өвчин гэж юу вэ?
Артерийн даралт ихэссэн бол артерийн судас, түүнд цусыг шахаж буй зүрхэнд ирэх ачаалал ямагт их байна гэсэн үг. Цусны даралт тогтвортойгоор ихсээд байвал тодорхой эрхтэнүүд гэмтэж эхэлнэ. Зүрх тэрхүү эсэргүүцэлтэй цусыг шахахад ачаалал нэмэгдэж зүрх хэмжээгээрээ томорч, улмаар ээнэгшлээ алдаж зүрхний дутагдал үүсэх боломжтой. Зүрхний эмгэгээр нас барах эрсдэл эрүүл хүнээс 3 дахин их байна. Тархины судас даралт ихсэлтийн улмаас хагарах боломжтой болно. Хэрвээ хагарвал тархинд цус харвах эмгэг үүснэ. Тархинд цус харвах эрсдэл эрүүл хүнийг бодвол 4 дахин илүү байдаг.Хэрвээ нэгэнт артерийн даралт ихсэх өвчинтэй бол эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийнэ. Мөн артерийн даралт буулгах тохирсон, зөв эмийг өдөр бүр уух хэрэгтэй. Судалгаагаар артерийн даралт ихсэх өвчинтэй хүмүүсийн дөнгөж 50% артерийн даралтаа хянадаг байна. Үлдсэн хувь нь артерийн даралтыг хянахгүй байснаас тархинд цус харвах, зүрхний шигдээс, зүрхний дутагдалд өртөх магадлал ихтэй байдаг.
2 бугалганы даралтын ялгаа их байдгийн учир!
2 гарт артерийн даралт ялгаатай байгаа нь тийм ноцтой асуудал биш. Гэхдээ диастолын даралт 10 мм.муб, систолын даралт 20 мм.муб дээш даралтаар зөрүүтэй бол анхаарч үзэх нь зүйтэй. Хэрвээ баруун ба зүүн гарын даралт их хэмжээгээр ялгаатай бол тухайн артерийн судасны бүтцийн эмгэг буюу гадна талаас дарж байгаа (булчин, тунгалгийн булчирхай) зүйлийг магадлах хэрэгтэй.Харин настай хүмүүст судас хатуурлын нөлөөгөөр бага зэрэг ялгаатай байж болох юм. Мөн цөөн тохиолдолд аортын судасны цүлхэнт хуулрал байж болно. Тиймд эхний ээлжинд захын судасны уян хатан чанарыг илэрхийлэх үзүүлэлт болох зүрх – шагайн судасны индексийг (ankle-brachial index ) үзэх хэрэгтэй. Улмаар захын судасны хэт авиан шинжилгээ, ангиографийн шинжилгээ хийж тодруулах нь зүйтэй. Нэн тэргүүнд зүрх судасны нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
Зүрхний эмгэг ихэвчлэн амьсгаадах, амьсгал бачуурах шинж тэмдэгтэй хавсрах нь олонтаа. Яагаад гэвэл зүрх шахуургын үүрэг гүйцэтгэдэг. Зүрхний үйл ажиллагаа ба бүтцэд эмгэг өөрчлөлттэй бол шахуургын үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдох нь элбэг. Иймд шахуургын үйл ажиллагааны алдагдалаас болоод эд эрхтэнд очих цусан хангамж буурсаны улмаас хүчилтөрөгч ба тэжээлийн бодисын дутагдал болдог.
Түүнд хүн дасан зохицохын тулд хүний бие организм амьсгал олшрох эсвэл гүнзгий болгох зэрэг дасан зохицох урвал өрнөнө. Энэ дасан зохицох урвалын үр дүнд амьсгаадах эсвэл амьсгал бачуурдаг шинж тэмдэг илэрдэг. Харин зүрхний ойр орчмын нуруу, хавирганы мэдрэлийн эмгэг өөрчлөлт бол байрлал, хөдөлгөөнтэй холбоотойгоор өвдөлтийн эрчим өөрчлөгдөнө. Тиймд зүрхний өвдөлт илрэхийн зэрэгцээ амьсгаадах, амьсгал бачуурах зовиур илэрвэл хойшлуулахгүй зүрх судасны эмчид үзүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: American Heart Association