Артерийн битүүрээгүй цорго бол зүрхний төрөлхийн гажгийн нэг хэлбэр. Энэ гажгийг Орос хэлээр НАП буюу ОАП (Откры́тый артериа́льный прото́к), Англи хэлээр PDA (Patent Ductus Arteriosus) хэмээн нэрлэдэг. Бид эхийн хэвлийд байхдаа эхийн хүйгээр хүчилтөрөгч, тэжээлийн бодисоор баяжсан цусыг авч хэвлийд бойждог. Ураг амьсгалахгүй тул уушги ургийн цусыг хүчилтөрөгчөөр баяжуулж артерийн цус болгож чадахгүй. Энэ үүргийг уушгины артерийн судсыг аорттай холбосон артерийн цорго гүйцэтгэнэ. Тиймээс эхийн хүйгээр орсон артерийн цус артерийн цоргоны тусламтайгаар аорт руу орж ургийг цусаар хангана.
Харин ураг төрөхөд уг цорго 24-48 цагийн дараа битүүрдэг. 2-3 долоо хонгийн дараагаар судасны доторх эсээр хучигдаж, холбогч эдээр бэхжиж улам битүүрдэг. Удамшил, хромосомын мутаци ба ураг бүрэлдэж байхад сөрөг нөлөөллийн улмаас уг цорго битүүрэхгүй үлддэг. Үүнийг бид артерийн битүүрээгүй цорго хэмээн үздэг. Энэ зүрхний төрөлхийн гажиг 100000 төрөлтөнд 8 тохиолддог хэмээн судалгаа байдаг.
Хэрвээ уг цорго битүүрээгүй бол аортын артерийн цус уушигны артерийн венийн цустай холилдоно. Улмаар зүрхний баруун талд ачаалал нэмэгдэх, аортын судсаар хүний биеэр тархах артерийн цус уушигны артери руу дамжина. Эдгээр эмгэгжамын нөлөөгөөр ачаалал авахад амьсгаадах, цаашлаад зүрхний бүтцийг гэмтээж эхлэнэ. Уг битүүрээгүй цоргоны хэмжээ их ач холбогдолтой. Том хэмжээний цорго бол өвчтний амьдрах чадварыг бууруулна. Хэрвээ эмчлээгүй тохиолдолд нас баралтыг 20 насанд 20%, 45 насанд 42%, 60 насанд 60% нэмэгдүүлдэг хэмээн судлагдсан байдаг.
Энэхүү эмгэгийг ихэвчлэн зүрхний хэт авиан шинжилгээгээр оношилно. Харин эмчилгээний хувьд нээлттэй мэс засал хийж уг битүүрээгүй цоргыг битүүлэх, судсан дотуурх аргаар сэтгүүрдэж бөглөх, мөн амьдралын чанрыг дээшлүүлэх зорилгоор эмийн эмчилгээ хийгддэг.