Энэ удаагийн дугаарт Medicine сэтгүүлд хэвлэгдсэн “The association between vitamin D status and tuberculosis in children, A meta-analysis” судалгааны ажлыг сонгон авч ярилцлаа. Энэхүү 18-аас доош насны хүүхдэд хийгдсэн мета-анализ судалгаа нь нийтдээ 585 судалгаанаас ижил төстэй 103 судалгааг сонгож авч, хүүхдийн витамин Д ба сүрьеэгийн микобактер хоёрын хоорондох хамаарлыг судалж тодорхой үр дүнгүүдийг гарган авсан.
Витамин Д бол дархлааны эсүүд, нэн ялангуяа залгигч эсийн үйл ажиллагаанд оролцдог кателицидин хэмээх уургийн нийлэгшлийг нэмэгдүүлнэ. Тийм учраас сүрьеэгийн микобактерыг устгах болон зайлуулахад чухал үүрэгтэй оролцдог. Сүрьеэгийн халдвар авсан болон эрүүл хүүхдийн витамин Д-ийн агууламжийг үзэхэд сүрьеэгийн халдвартай хүүхдэд тус витамины хэмжээ маш бага байсан. Олон судалгааны үр дүнгээс харахад витамин Д агууламж бага байх нь хүүхэд сүрьеэгийн халдвараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг нотолжээ.
Хүний бие нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар витамин Д-г арьсанд нийлэгжүүлдэг. Үүнээс гадна элбэг агуулах хүнсний бүтээгдэхүүн болох загас, загасны тос, витамин Д-ээр баяжуулсан сүү, өндөг зэргээс авах боломжтой (Зураг). Монгол орон далайд гарцгүй учраас загас болон далайн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ маш бага байдаг. Мөн нэмэлтээр Монгол орон өвлийн улиралд нарны тусгалаас холдож хүйтэрдэг учраас арьсанд витамин Д-ийн нийлэгжих боломж хомс юм.