Эрдэнэт хүний 70% ус эзэлдэг. Яагаад гэвэл бодисын солилцоо зэрэг бүхий л чухал үйл ажиллагаа усан орчин явагдана. Хүний биеийн усны солилцоо та бидний хоол хүнсэнд агуулагдах давстай ихээхэн хамааралтай. Бид хүнд ажил хөдөлмөр эрхлэхэд хөлөрч эрдэс бодис, усыг тодорхой хэмжээгээр алдана.Үүний дараагаар бид давс, эрдэстэй усыг уухад туйлдаж ядрах нь багасна. Яагаад гэвэл эрдэс давсны нөлөөгөөр хүний биед ус хуримтагдаж бодисын солилцоо явуулахад тохиромжтой болно.
Монголчууд бид хоол хүнсэндээ давсыг түгээмэл хэрэглэдэг. Энэ нь эрс тэс уур амьсгалтай орчинд дасан зохицох сайн талтай байж болох юм. Бидний хоол хүнсэнд хэрэглэсэн давс хоол боловсруулах замаар шимэгдэн цусанд орно. Цусанд орсон давс нь цусны осмос даралтыг ихэсгэж усыг өөртөө татна. Судсанд агуулагдах цусны эзэлхүүн ихэсч, зүрхний шахах цусны хэмжээ нэмэгдэн улмаар даралт ихэснэ. Байнгын давсны их хэрэглээ нь даралтыг тогтмол ихэсгэснээр артерийн даралт ихсэх өвчин үүсдэг.
Иймд судалгаагаар давсыг хүнсэндээ хэтрүүлэн хэрэглэхэд артерийн даралт ихэсдэг болохыг нотолжээ. Хүнсний давсыг хязгаарлаж чадвал эргэлдэх ашиггүй шингэний хэмжээ багасч даралт буурч тогтворждог. Судалгаагаар анхдагч артерийн даралт ихсэх эмгэгтэй хүмүүс 6 гр/өдөр дээш хэмжээний давс хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Гэвч эдгээр хүмүүст 4 гр/өдөр бага давс хэрэглэдэг хүмүүс ховор байв. Иймээс давс хэтрүүлэн хэрэглэх зан үйл артерийн даралт ихсэх эмгэгийн эрсдэлт хүчин зүйлийн нэг болсон юм. Бид хүнсэндээ хэрэглэх давсыг 8гр-аас 6 гр/өдөрт болгож багасгахад хэвийн даралттай хүмүүст ойролцоогоор 2/1 мм.муб, харин даралт ихсэлттэй хүмүүст 5/3 мм.муб хэмжээгээр артерийн даралт буурч байв.
Гэхдээ хүн бүрт давс ихээр хэрэглэхэд даралт ихсэх хамаарал харилцан адилгүй байдлаас улбаалж натрийн мэдрэг чанар хэмээх ойлголт гарч эхэлсэн. Натрийн мэдрэг чанар нь нас дагаж нэмэгдэх ба African American, таргалалттай, бодисын солилцооны хам шинжтэй эсвэл архаг бөөрний эмгэгтэй хүмүүст их байдаг. Тиймээс олон жил давсыг их хэмжээгээр хэрэглэхэд даралт ихсэлт даамжирахад нөлөөлнө.
Иймээс хоол хүнсэндээ давсны хэрэглээг багасгахыг олон улсын удирдамжинд зөвлөсөн байдаг. Хүн өдөрт ойролцоогоор давсыг 4-6 гр/өдөр болгоход 4 дээш долоо хоног гэхэд артерийн даралт 5/3 мм.муб багасдаг болохыг олон судалгаагаар нотолжээ. Нөгөө талдаа давсны хэрэглээг багасгахад ренин ялгаралт нэмэгдэж, ангиотензин 2 хамааралт даралт ихсэлтийг бий болгоно. Иймээс АХФ саатуулагч ба хориглогч эм хэрэглэж байхад хоол хүнсэндээ давс хязгаарлах нь илүү үр дүнтэй.