Элэгний В вирусын вакцин
Вакцин гэдэг бол тухайн вирус бактерын хоруу чанаргүй (эмгэг төрүүлэхгүй) бүтцийн хэсгийг ашиглаж хүний биед зохиомлоор дархлаа тогтоох биологийн идэвхит бэлдмэл юм. Дархлаа тогтсон үед гаднаас тухайн төрлийн вирус бактерын халдвар орж ирэхэд дархлаа тогтолцоо таньж устгадаг. Улмаар тухайн үүсгэгч биед халдварлахгүй байх, халдварласан ч хүндрэхгүй байх ач холбогдолтой. Тэгвэл судалгаагаар HBV-ын (элэгний В вирус) вакцин хийхэд хүний биед дархлаа тогтож, халдвараас 15-30 жил хамгаалах боломжтой байдаг. Нийгэмд зарим нэг буруу ойлголт цацагдаж байна. Тухайлбал, HBV вакцин хийлгэхэд гаж нөлөө ихтэй, харшил үүсгэдэг, аутоиммуни эмгэгийг сэдрээдэг зэрэг ямар ч нотолгоогүй, эх сурвалж хангалтгүй мэдээлэл мэр сэр гарч байна.HBV вакцины гаж нөлөө ховор тохиолдолд гардаг. Бидний сонгож ярилцсан судалгаанд вакцин хийлгэсэн нийт хүмүүсийн 3-29%-д вакцин хийсэн хэсэг газар улайх, 1-6%-д бага зэрэг халуурах гаж нөлөө гардаг. Аюултай хүндрэл болох анафилаксийн шок 1.100.000 тохиолдолд 1 бүртгэгдсэн байна.
Эх сурвалж болгож ярилцсан судалгаа нь 2005-2017 оны хооронд HBV вакцины талаар хийгдсэн судалгаа, удирдамжийг нэгтгэж хэд хэдэн зөвлөмж боловсруулсан нийтлэл юм. Үүнд чухалчлан өгүүлсэн зүйл бол элэгний В вирусын халдваргүй хүн HBV вакциныг хийлгэх нь элэгний эмгэг, хатуурал, хавдараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна.