Сүүлийн жилүүдэд хоол хүнсний зөв зохистой хэрэглээ, зөв эрүүл хооллолт чухал байр суурь эзлэх болжээ. Энэ удаагийн дугаараар та бидний өдөр тутмын хэрэглээ болсон ногоон цай, кофе, өөх тос, мөөг, энержи дринк гэх мэт бүтээгдэхүүн нь зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар сүүлийн үеийн судалгааг нэгтгэсэн нийтлэлийг хүргэх болно.
Тус судалгаа Америкийн Зүрхний Коллежийн (ACC) сэтгүүлийн 2018 оны хамгийн эрэлттэй өгүүллээр шалгарсан /
энд дарж уншина уу/. Тухайлбал, судалгаанд энержи дринкийн хэрэглээ зүрх судасны эрхтэн тогтолцоонд хортой нөлөө үзүүлдэг болохыг чухалчлан тэмдэглэсэн байдаг.
Тус судалгаанд хүнсний бүтээгдэхүүнийг зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх ач холбогдлоор 3 ангилж авч үзсэн байдаг.
1-рт хэрэглэхээс зайлсхийх зүйлд аль болох хэрэглэхгүй хүнсний бүтээгдэхүүнд сахар, энержи дринкийг оруулсан байдаг.
2-рт тодорхой хэмжээгээр хязгаарлаж хэрэглэх хүнсний зүйлд ханасан өөх тос, давс, кимчи, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг цочроох нөлөөтэй бүтээгдэхүүн ордог.
3-рт өдөр тутам хэрэглэх бүтээгдэхүүнд эслэг, сүү, уураг, жимс, хүнсний навчит бүтээгдэхүүнийг хамруулдаг. Энэ судалгаанд өдөр тутам хэрэглэхэд ашигтай хэмээн үздэг боловч хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж болохгүй, зөв зохистой хэрэглээг чухалчилан дурьдсан байдаг.
Эдгээр хүнсний зүйлүүдээс зарим нэг хүнсний бүтээгдэхүүнийг дурьдая,
Кофе
Кофег өдөрт дунд (өдөрт <3 аяга) болон бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд зүрх судасны эрхтэн тогтолцоонд эерэг нөлөө үзүүлж байсан. Яагаад гэвэл кофе нь антиоксидант, бага тунгаар кафейн агуулсан учраас судас хамгаалах, бодисын солилцоог сайжруулах, цусны даралтыг бууруулах ач холбогдолтой.
Ногоон цай
Ногоон цай бол антиоксидант, тайвшруулах үйлчилгээтэй биологийн идэвхит бодис агуулна. Ийм учраас судас хамгаалах, зүрхний цусан хангамжийг сайжруулах үйлчилгээтэй тул зүрхний ишеми өвчний хүндрэх эрсдлийг 8% бууруулдаг байна.
Энержи дринк
Энержи дринкийг өсвөр насны хүүхдэд хэрэглэхийг хориглох хэрэгтэй. Яагаад гэвэл кафейн, биологийн идэвхит бодис өндөр тунгаар агуулдаг учраас захын судсыг хүчтэй агшаах, цусны даралтыг нэмэгдүүлсэнээр зүрх судсанд ирэх ачааллыг ихэсгэдэг. Ялангуяа судасны эндотель эсэд хүчтэй даралт учруулах тул механикаар гэмтээдэг. Нэн ялангуяа архитай хольж уухад зүрхний гэнэтийн үхэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг.