Хөгжилтэй улс орнуудыг бодвол манай улс анагаах ухааны хөгжлөөрөө хоцорч яваа нь үнээн. Гэхдээ хөгжлөөс илүү эх орны эв нэгдэл, хүн бүрийн хичээл зүтгэл их чухал болохыг #COVID19 вирусийн халдвар харуулж байна. Сайн санаат хүмүүсийн ачаар эх оронд минь ганц ч болов ECMO аппараттай болж буйд их баяртай байна.
Хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны үед эрүүл уушгины эд эсийн тоо цөөрснөөр амьсгалын дутагдал үүсдэг. Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед цусыг уушги биш ECMO аппарат хүчилтөрөгчөөр баяжуулдаг. Энэ цаг үед энэ аппарат яагаад хэрэгтэй вэ гэдэг талаар та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгохыг хичээлээ.
ECMO аппаратын гэж юу вэ?
Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед уушги орлох, зүрхны дутагдлын үед зүрх орлох төхөөрөмж бол ECMO аппарат билээ. #COVID19 вирус агаар дуслаар халдварлаж, улмаар уушгины эд эсийг гэмтээж хатгалгаа үүсгэдэг болохыг сайн мэднэ. Уушгины хатгалгаа даамжирч хүндрэхэд амьсгалах чадвартай эрүүл уушгины эд эсийн тоо цөөрсөнөөр амьсгалын дутагдалд ордог. Амьсгалын дутагдал гэдэг бол уушгиар орж ирсэн цусыг хүний биед хүрэлцэхэд хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүй байгаа гэж ойлгож болно. Тиймд бага ч болов агаараар орох хүчилтөрөгчийн концентрацийг нэмэгдүүлэхийн тулд хамрын гуурс, амны маскаар хүчилтөрөгч эмчилгээ хийдэг. Хэрвээ энэ эмчилгээ хийсэн ч амьсгалын дутагдал үүсвэл амьсгалын аппарат холбоно. Дээрх аргууд үр дүнгүй бол бид нарын мэдэх ECMO аппаратаар уушги орлуулдаг.
Өөрөөр хэлбэл венийн цусыг уушги хүчилтөрөгчөөр баяжуулах бус ECMO аппарат байжуулж орлодог гэсэн үг. Иймд #COVID19 вирусын халдварын үед тодорхой хувьд нь хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа үүсдэг. Энэ тохиолдолд уушги орлуулах ECMO аппаратыг холбож, хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалд орсон өвчтөн амьд гарах боломжтой. Гэхдээ ECMO аппаратыг амьсгалын дутагдлаас гадна зүрхний дутагдлын үед хэрэглэдэг.
ECMO аппаратын ашиг тус
Уг аппаратыг 1970 оны үеэс анагаах ухаанд хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ үеэс маш олон судалгааны ажил хийгдэхийн зэрэгцээ уг аппарат сайжирч хөгжсөөр ирсэн. Сүүлийн үеийн судалгаагаар хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалтай өвчтөний амьдрах чадварыг 55-76% нэмэгдүүлдэг. Гэхдээ хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалтай өвчтөнд уг аппаратыг хэрэглэвэл өргөс авсан юм шиг 100% амьд гарна гэж ойлгож болохгүй. Энэ аппаратыг ашиглахад хоёрдогч халдвар авах, гадны гуурстай холбож буй учир тромбоэмболийн хүндрэл гарах, цусыг шингэлснээс улбаалж цус алдах, харвах эрсдэл гарч болно. Мөн гуурсаар ECMO холбох учир хоёрдогч халдвар авах, уушгины хатгалгааг илааршуулахын тулд антибиотик эмчилгээг үр дүнтэй хийх шаардлагатай. Хэрвээ энэ аппаратыг ашиглаж нутагшуулж чадвал манай орны анагаах ухааны хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулах юм.
Бодох ёстой асуудал
Манай орны хувьд энэ аппарат бол шинэ технологи. Энэ аппаратыг Солонгос улс шиг бид эмнэлзүйн практикт өдөр бүр хэрэглэж хэвшээгүй учир бэлтгэгдсэн боловсон хүчин, эрчимт эмчилгээний орчин зэрэг зарим нэг зүйл учир дутагдалтай. ECMO аппаратыг гуя, гүрээний венээр холболоо гэхэд арчилгаа их шаардана. Тухайн өвчтний уушги сэргэх хүртэл аппараттай холбоотой байдаг учир өртөг зардал их гардаг болохыг бодолцох л хэрэгтэй. Эцэст нь чамлахаар чанга атга гэдэгчлэн энэ авч өгсөн аппаратыг эх орондоо нутагшуулах л хэрэгтэй, тэр үнэтэй хэрэгслийг өндөр өртөгтэй даатгалаар шийдэж урагшлах л хэрэгтэй. Одоо хийхгүй бол бид хоцорсон хэвээр ..