Эгүлэгийн түүх , хүнийг сайн ойлгож итгэл найдвар төрүүлж дэмжиж байгаарай!

Ангийн багш шинэ анги дааж авчээ. Тэдний ангид Эгүлэ хэмээх нэгэн учир үл мэдэгдэх ааштай хүү байжээ. Тэр хүү муухай ааштайгаас гадна урагдсан хувцастай, усанд ороогүй учир хиртэй, үсээ угаагаагүй учир арзайсан байв. Хүүг ангийнхан дандаа шоолж инээлдэж зарим нэг нь дээрхэлдэг байлаа. Ангийн багш муухай ааш гаргасан бүрт загнадаг, хичээлээ хийдэггүй тул зэмлэдэг байв. Улмаар Эгүлэ хичээлдээ хэд хоног ирэхгүй, ангийн зарим нэг хүүхдийг зодсон учир сургуулиас хөөгдөх болов. Ангийн багш хувийн хэрэг дээр сургуулиас чөлөөлөх тухай бичиж эхлэв. Ангийн багш бичих зуураа санамсаргүй Эгүлэгийн бага ангийн түүхийг унших нь тэр. 

Ангийн багш уншиж эхлээд маш их гайхав. Яагаад гэвэл нэгдүгээр ангийн багш Эгүлэг маш ухаантай, цовоо сэргэлэн, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй тоглодог нэгэн болохыг бичсэн байв. Харин хоёрдугаар ангидаа маш сайн сурагч, олимпиад тэмцээнд удаа дараа тэргүүн байранд ордог сайн сурагч байв. Эгүлэгийн ээж хүнд өвчин туссан байж болзошгүй талаар зухас бичсэн байлаа. Гуравдугаар ангид Эгүлэгийн ээж хүнд өвчний улмаас нас барсан. Ээжийнх нь энэ байдал маш хүнд тусч ганцаараа байх дуртай, муухай ааштай болсон. Аав нь архи уудаг тул анхаарал халамж муу тавьдаг талаар бичсэн байлаа. Дөрөвдүгээр ангид ар гэрийн боломжгүй байдал хүүхдэд нөлөөлсөн, хичээлээ тасалдаг, найз нөхөдгүй болсон талаар бичиж цаашдаа итгэл найдвар өгч дэмжиж байх ёстойг  цохон тэмдэглэжээ.

Эгүлэгийн туулж өнгөрүүлсэн амьдралыг ангийн багш сургуулиас хөөгдөхөөс өмнө ойлгож мэджээ. Энэ түүхийг уншсан ангийн багш өөрийн мэдэлгүй цурхиран уйлав. Сургуулиас чөлөөлөх өргөдлийг бичиж байснаа түүнийг хогийн саванд хийв. Сургуулийн захиралд Эгүлэ сайн сурагч түүнийг сургуулиас хөөж болохгүй хэмээн шийдэмгий хэллээ. Эгүлэ маргааш ангийнхантайгаа салах ёс хийх сүүлийн өдөр тул ангийн багшдаа нэг захидал, ээжийнхээ хэрэглэж байсан үнэртэй усыг авч ирж багшдаа өгөв. Ангийнхан бүгд шоолж инээлдэж байсан боловч ангийн багш үнэртэй усыг түрхэж, захидлыг нээж үзэв. Эгүлэгийн нугарч үмэрсэн цаасан захидалд би та нарт хайртай боловч хэнч намайг ойлгохгүй, надад хэцүү байгааг та нар мэдэхгүй байна хэмээн бичсэн байлаа. Ангийн багш үнэртэй ус маш гоё үнэртэйг хэлээд Эгүлэг тэвэрч багшийгаа, бас бид бүгдийг уучлаарай хэмээн хэлж нулимс дуслуулав. Ангийн багш хүүг ойлгосон учраас нөхцөл байдлыг гартаа авч Эгүлэд итгэл найдвар өгч анхаарч дэмжиж эхлэв. Эгүлэ хүүхэд учир анхаарч дэмжиж буйд их баярлан нүд нь баяр хөөрөөр тодорч байлаа.

Эгүлэ өдрөөс өдөрт өөртөө итгэлтэй болж хичээлээ сайн хийж багшийнхаа итгэлийг алдахгүй хичээж байв. Ангийнхан шоолж инээлдэхээ больж хамт тоглож найз нөхөд болж байлаа. Улмаар төгсөх ангидаа сайн сурагч болж Эгүлэ баярласан сэтгэгдлээ хуваалцахаар багшдаа захидал бичив. Захидалд багш та намайг ойлгож итгэл найдвар бэлэглэсэн энэ дэлхийн хамгийн сайн багш гэж байлаа. Олон жилийн дараа ангийн багш дахин нэгэн захидал дахиж хүлээж авав. Уг захидалд Эгүлэ сайн бүсгүйтэй танилцсан, сайхан амьдарч буйгаа бичээд, хэдэн жилийн өмнө аав нь өөд болсон талаар бичив. Удалгүй хурим хийх учир хүргэний талыг төлөөлж багшийгаа ирэхийг хичээнгүйлэн хүссэн захидал байлаа. Захидлын төгсгөлд гарын үсэг зурахдаа хүний их эмч Эгүлэ гэсэн байв.

Ангийн багш хайрт шавийнхаа хуриманд очихдоо сургуулиас хөөгдөх өдөр авч ирсэн ээжийнх нь үнэртэй уснаас түрхэж очив. Хайрт багшийгаа ирэхэд Эгүлэ тосон угтаж тэврэхдээ ээжийнх нь танил үнэртэй усыг түрхсэн байхыг анзаарав. Улмаар хурим найр сайхан болж хайрт багшийгаа зочдод танилцуулахаар болжээ. Эгүлэ багшдаа зориулан бага насандаа хайрт ээжээс хагацсан амьдралын хэцүү цаг үед надад итгэж өгч, үргэлж дэмжиж тусалдаг хайрт багшдаа баярлалаа. Амьдралын хэцүү үед өөртөө итгэх итгэлтэй болгож өдий хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн хайрт багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа хэмээв. Ангийн багш баярласандаа нулимс дуслуулан үгүй дээ хүү минь, чи буруу ярьж байна. Чамтай таарахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ хэмээн хариулав.

Амьдралд үлдэх сургамж, хүнийг сайн ойлгож итгэл найдвар төрүүлж дэмжиж байгаарай!

Онцлох